Thursday, January 3, 2008

Хадаа гэж хэн бэ?

1995 онд Өвөр Монголын ард түмний шашин, соёл, унаган байгалиа хадгалан үлдэх гэсэн шаргуу тэмцэлд Дундад Улсын засгаас хатуу хариу өгсөн билээ. Энэхүү үйл хэрэгт идэвхтэй оролцсон сэтгүүлч Хадааг 7н нөхдийнх хамт баривчлан хорьсон юм. Тэрээр нийслэл Хөх Хотдоо Монгол судлалын номын гэр эрхэлж байсан бөгөөд тодорхой албанд ажилладаг нөхөд болон залуу оюунтадын хамтаар Өвөр Монголын Ардчилсан Холбоог үүсгэсэн нь ийнхүү яллагдахад хүргэжээ. Хадаа нь одоо ч торны цаана өдөр ирэх тутам чангалах дэглэмийн дор хар дарсан өдрүүдийг өнгөрөөж байна. Хадаагийн адил улс орныг салан тусгаарлуулах гэсэн хилс ялаар шийтгэгдэгсэд өдгөө Ар Монгол, А.Н.У, Герман гэх мэт улсуудад эх нутагтаа дахин очих эрхгүйгээр байгаагаас гадна зарим нь Хадаа шиг төмөр торны цаана шаналж, үлдсэн нь хүний сэтгэлд буушгүй харгис тамланг амсаж энэ хорвоог орхисон билээ.
2008 оны Бэйжингийн Олимп айсуй, энэхүү хүндэт эрхийг хүртэхдээ Дундад Улсын Олимпын Хорооны дарга Лиу Жинминь засгийн газраа төлөөлөн хүний эрхийг дээдэлж, альваа эш үндэсгүй хүчирхийллийг үйлдэхгүй ба цөөн бага үндэстэний тухайд баримтлах бодлоготоо эерэг өөрчлөлт гаргана гэж амласан билээ. Харамсалтай нь шинэ он гарахаас хэдхэн өдрийн өмнө (2007.12.27) Дундад Улсын цагдан сэргийлэх ангийн 30 гаруй хүн ноён Ху Жиагийн гэрт дайран орж баривчлан авч явжээ. Түүгээр ч барахгүй одоо настай ээж болон эхнэр, нялх хүүхдийг нь 10 гаруй хүн гэрийн хорионд хянаж байгаагийн дээр сэтгүүлчидтэй ч ганцаарчлан уулзахыг нь хориод байгаа ба утас, интэрнэт н холболтыг тасалсан тухай БиБиСи мэдээллэж байна. Уг нь нёон Ху нь ДОХ/ХДХВ-н тархалтыг багасгах болон өвчтөнгүүдэд туслалцаа үзүүлэх талаар санааширч, ажилладаг юм. Гэрчүүдийн мэдээллэж буйгаар засгийн газар хүний эрхийг дээдлэх биш харин 2008 оны олимпын үеэр Дундад Улсын нэр сүрд муугаар нөлөөлсөн альваа мэдээ мэдээлэл тархаагчийг цээрлүүлэх шинжтэй. Магадгүй энэ нь үндсэн хуулийнх нь "Дундадын хүний нэр сүрийг өргөх" гэсэн заалтыг зөрчсөнд оршиж байж болох юм.
Хадаагийн хүү Үйлэсийг бас 2002 онд хулгайн хэрэгт гүтгэн 3н жилээр залуучуудыг засан хүмүүжүүлэх газарт хорьсон юм. Тэрээр суллагдсаныхаа дараа ч биеийн үнэмлэлээ авах эрхгүй байсан бөгөөд харин 2007 оны зун харъя захиргааны дэд цагдаан дарга нь бичиг баримтыг нь олгохдоо, ӨМӨЗО байгуулагдсаны 60-н жилийн ойгоор элдэв хэрэг төвөг тарихгүй байхыг сануулсан нь өмнөх хэргийг тохиолдлын бус гэдгийг ойлгуулна. Зүүн Туркестаны (Шинжаан) хүний эрхийн төлөө тэмцэгчид ч нам, засгийг хэлсэн амандаа хүрэхгүй байна гэж үзэж эсэргүүцлээ илэрхийлээд байна. Хадаа одоо дахин 4н жил хоригдохоор ялын заалтанд нь бий. Өвөр Монголын адрчилсан үзэлтэй холбоо, нам төдийгүй дэлхийн хүний эрхийн байгууллагууд Хадаагийн адилаар Дундад Улсын засгийн бурангуй бодлогын золиос болсон хүмүүст анхаарлаа хандуулж эрхийг нь хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Хэдийгээр Хадаа 4-н жилийн дараа гэрэлт хорвоодоо дахин ирэх ч, ах дүү болсон бид нь ганц удаа ч болов анхаарлаа хандуулаагүй нь зүйд нийцэхгүй бөгөөд түүнтэй адил Монгол соёл, уламжлалаа хадгалан авч үлдэх гэсэн залуучуудын ир, зоригийг мохоож, нийгмийн бурангуйтай эвлэрснээс ялгаагүй. Ердөө 150хан жилийн өмнө Хань үндэстэн Монголын нутагт, төрийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орох нь төдийгүй 2 үндэстэд хоорондоо ураг холбох ёсгүй байв. Гэтэл өдгөө Өвөр Монголын хүн амын 20 хүрэхгүй хувь нь Монгол ба бусад Хань, Зүрчин, Хуй, Даур (Монгол аймаг гэж зарим судлаачид үзэж байна) үндэстэдийн дотроос Хань үндэстэд хамгийн их буюу 79% г эзэлж байна. Бэйжингийн Олимп айсуй... Энэ цаг мөч магадгүй Монгол Туургатад эрх чөлөө, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэх алтан завшаан ч байж магад.