Wednesday, November 7, 2007

Morindoo

Ярилцлага булангийн энэ удаагийн дугаарт "Зууны мэдээ" сонингийн 2005 оны 5 дахь дугаарт нийтлэгдсэн "Инженерүүд монголын хөгжлийн зүтгүүр нь байх ёстой" ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна. Яг ийм залуучууд л Монголыг авч явна гэсэн бодол түүнтэй уулзахад төрсөн. Улс орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлоор жигүүрлэсэн олон олон залуусын нэг тэрээр саяхан эх орондоо ирээд буцахдаа электроникийн шилдэг шийдлийг шалгаруулах улсын анхны уралдаан зохиосон. Түүнтэй хөгжилд хүрэх тухай, инженерүүдийн тухай, Монголын тухай ярьж суухад үнэхээр бидний үе иржээ гэж бодогдсон юм. МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш, ХБНГУ-ын Юлих хотод докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Чоймаагийн Лодойравсалтай ярилцсанаа танд хүргэж байна.
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би МУИС-ийн Физик электроникийн сургуулийг (одоо Мэдээллийн технологийн сургууль болсон) 1999 онд төгссөн. 1998 оноос “MCS Электроникс" компанид ажиллаад 2001 оноос сургуульдаа багшаар ирсэн. 2003 он хvртэл багшлаад, одоо Германы Юлих хотын судалгааны төвд докторын ажлаа хийж байна. Германы эрдэмтэн солилцооны байгууллагын шугамаар явсан юм. Монгол, герман удирдагчтай, цолоо Монголд хамгаална.
-Чиний судалгааны гол сэдэв юу вэ?
-Миний хувьд бакалаврын болон магистрын дипломын ажлын маань гол сэдэв vйлдвэрлэлийн автоматжуулалт. 1998 онд анх Дорнодын цахилгаан станцын автоматжуулалт дээр ажилласан юм. Дараа нь Эрдэнэт vйлдвэрийн автоматжуулалт дээр ажиллаж байсан.
-Автоматжуулалт гэхээр инженерчлэл тал руугаа яриад байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Инженерчлэл маш чухал гэж би боддог. 2003 онд Германд очсоныхоо дараа одоо Солонгост сурч байгаа Содбилэг гэдэг залуутай хамтарч инженерvvдийг бэлтгэх, дэмжих, хооронд нь холбох зорилгоор анх Танхимнэт гэдэг сvлжээ байгуулсан юм. Энэ маань яваандаа зөвхөн электроник биш, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, физик, хими, нийгмийн ухааны чиглэлээр өргөжиж эхэлсэн. Одоо бол эх орноо яаж хөгжvvлэх вэ, гадаадад сурч, амьдарч буй монголчуудаа хэрхэн холбох вэ гэсэн vзэл бодлын уралдаан өрнvvлдэг болоод байна. Гадаадад байгаа монголчууд Танхимнэтэд маш их ханддаг, vзэл бодол, санаа оноогоо ч их бичдэг.
-Инженерvvдийг дэмжихийн гол учир юу вэ. Технологи ч юм уу, илvv чухал зvйлс байна шvv дээ?
-Миний бодлоор манайд нэг том гажуудал байна. Тэр нь юу вэ гэхээр арван жилийн сургууль төгсч буй хvvхдvvд мэргэжил гэж юу вэ гэдгийг мэддэггvй, ойлгодоггvй. Гэтэл Германд хvvхдvvдэд төрөл бvрийн мэргэжлийг танилцуулах ажил их зохиодог юм билээ. Хvvхдvvдийг судалгааны төвдөө авчирч, эрдэмтэд нь яг л даргадаа танилцуулж байгаа юм шиг бvх юмыг нарийвчлан танилцуулдаг. Олон мэргэжилтэй танилцсаны дараа хvvхэд “надад энэ л хэрэгтэй юм байна” гэсэн мэргэжлээ сонгож авдаг. Гэтэл манайд яаж байна. Ердөө л хуульч, эдийн засагч гэсэн хоёрхон мэргэжлийг мэдэж байна. Тэгээд бvх их, дээд сургууль хуульч, эдийн засагчдыг бэлтгээд байдаг, тоо нь хэрэгцээнээсээ хэтрээд байдаг. Энэ бол мөнгийг зарцуулдаг, зохицуулдаг хvмvvс л нэмэгдээд байна гэсэн vг. Гэтэл мөнгийг хийдэг хvмvvс нь хаана байна вэ. өөрөөр хэлбэл инженер сэтгэхvйг бэлтгэж чадахгvй байна. Нийгэмд тодорхой хувийг инженерvvд эзлэх ёстой. Манайд инженер бэлтгэдэг хэдэн сургуульд бас дутагдалтай тал байгаа. Компьютерийн программист гэхэд л код бичээд сууж байдаг хvн, инженер гэхээрээ л электроникийнх байдаг юм шиг ойлгоод байна.
-Тэгвэл инженер гэж хэн байх ёстой юм бэ?
-Жирийн хvний хоёр доллараар хийдэг ажлыг нэг доллараар хийж чаддаг хvнийг инженер гээд байгаа юм. өөрөөр хэлбэл, аливааг хамгийн зөв шийдлээр, хамгийн оновчтой арга замаар хийж чаддаг хvн бол инженер. Тийм ч болохоор инженер хvн нийгэм, улс төрийн аль ч салбарт хөдөлгөгч хvч болж чаддаг. Тиймээс л бид инженерvvдийг дэмжих талаар юм хийхээр оролдоод байгаа юм. Асуудлын өөр нэг тал бол Монголд гадаадаас зээл тусламж их орж ирж байна. Гэтэл vvний зарцуулалтыг хэн хянаж байна вэ. Vvнийг ч бас анхаарах ёстой гэж боддог. Гэвч одоохондоо бидний хийж чадах зvйл санал нэмэрлэх төдийгөөр л хязгаарлагдаж байна. Хэрэв бид сайн инженерvvдийг бэлтгэж чадах юм бол бvтээлч ажил хийхэд ч илvv дөхөм болох юм. Юуны тvрvvнд vйлдвэрлэлийн автоматжуулалтаар жишээ авъя л даа. Яг адилхан хоёр төслийг хэрэгжvvлж байна гээд бодъё. Нэгийг нь монгол инженерvvд, нөгөөг нь гадаадынхан хийлээ, эцсийн vр дvн нь яг л адилхан. Ялгаа нь юу вэ гэхээр монгол инженерvvд хийсэн бол засвар vйлчилгээг нь бvгдийг нь өөрсдөө хийдэг, гаднынхны хийсэн зvйл эвдэрлээ гэхэд тэднийг гадаадаас дахиад л дуудах болдог.
-Тэгэхээр монгол инженер гэдэг тусдаа ойлголт бас байж болох нь?
-Тийм ээ, тэднийг л бэлтгэх ёстой. Гаднаас орж ирж буй тэр их мөнгө эргээд консалтинг, өмгөөллийн компаниудад, гаднынханд цалин болоод гарчихаж байна. Дээр нь бид зарим нэг хэрэггvй зээлээс татгалзаж сурах хэрэгтэй болов уу. Саяхан Сангийн сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө мөн ингэж хэлсэн байна лээ. Орж ирснийг нь л аваад байх нь буруу. Буруу ашиглаад байвал эргээд төлж чадахгvй болно биз дээ. Гэтэл авсан л бол төлөх л ёстой.
-Чиний бодлоор Монгол Улс хөгжихийн тулд юун дээрээ төвлөрөх ёстой юм бэ. Монголд олон их, дээд сургууль инже-нерvvдийг бэлтгэж байгаа атал тэндээс яагаад инженер төрөхгvй байна вэ?
-Инженерvvдийг бэлтгэхэд нэгдvгээрт, мөнгө, хоёрдугаарт, багш хэрэгтэй. Намайг суралцах сургууль хайж байхад Америкт электроникоор хоёрт ордог сургуулийн жилийн төлбөр 56 мянган доллар байсан. Гол нь инженер бэлтгэх хvмvvс нь алга байна. Электроникийн мэргэжлээр төгссөн залуучууд л гэхэд боломж нь илvv болохоор сургуульд багшлах биш, компани байгуулаад явчихдаг. Гадаадад сурч байгаа хэсэг нь эргээд ирэхээр байдал арай өөр болох байх л даа. Нөгөөтэйгvvр инженер бэлтгэхдээ инженерийн зах зээлийг бас тооцох хэрэгтэй. Солонгост инженер бэлтгэх сургалтын төлөвлөгөөгөө жилд 2-3 удаа шинэчилдэг. Манайх ингэдэггvй юм гэхэд Монголд ямар төрлийн инженерvvд хэрэгтэй байгааг судалж, тэр чиглэл рvv нь тvлхvv бэлтгэх хэрэгтэй. Төр, засаг ч гэсэн инженерvvдийг бэлтгэх бодлого боловсруулах ёстой. Төвлөрлийн тухайд инженерчлэл дээр голлох нь зөв. Бидэнд технологи гаргаж авах боломж алга. Уг нь эрдэмтэд бол байгаа. Японд амьдарч байгаа монгол эрдэмтэн технологийн таван патент авчихсан гэх мэт жишээ олон байна. Гол нь бид технологио хэрэглээд сурчих хэрэгтэй. Бэлэн технологийг аваад хэрэгжvvлэхэд л инженерчлэлийн гол зорилго байгаа юм шvv дээ.
-Монголд ямар инженерvvд илvv чухал байна вэ?
-Манайд дэлхийд гарч ирсэн технологийг оруулж ирдэг хvмvvс байна. Одоо гол нь мэдээллийн технологийн, vйлдвэрлэлийн, электроникийн инженерvvд тун чухал. Бид ядаж vйлдвэрлэлийн автоматжуулалтаа өөрсдөө хийчихдэг болъё л доо.
-Чиний саяхан зохион байгуулсан уралдаан мөн л ийм зорилготой байсан уу?
-Тийм ээ. Манай Танхимнэт сvлжээ өнгөрсөн аравдугаар сард Танхимнэт групп байгуулсан юм. Зөвхөн сvлжээ маягаар ажиллаад байх биш, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулъя гэж зорьсон. Эхлээд электроникийн салбар руу орохоор шийдсэн. Манайд электроник гэхээр жирийн нэг цахилгаан барааны засварчин мэтээр ойлгож хvлээж авдаг. Тиймээс залуу инженерvvдийг гаргаж ирэх, электроникийн vйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг хооронд нь холбох зорилгоор “Электроникийн шилдэг шийдэл-2004” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан юм. Анхных юм болохоор алдаа байлаа, цаг ч давчуу байлаа. Гэхдээ цаашдаа улам сайжрах байх аа. 40-өөд бvтээл ирснээс 13 бvтээл сvvлийн шатанд шалгарч 1-3 дугаар байр эзлvvлсэн. Дашрамд энэ уралдааныг ивээн тэтгэсэн “MCS” электроникс, “Пума” констракшн, мэдээллийн ивээн тэтгэгчид, цахим дэмжигчдэдээ баярлалаа.
-Гол шалгуур нь юу байв?
-Анхны уралдаан учраас тийм ч олон бvтээл ирvvлсэнгvй. Гэхдээ юуны тvрvvнд бvтээлээ монгол орчинд хэр зохицуулсныг нь харлаа. Нэгдvгээр байранд роботын хянах систем, хоёрдугаарт таксиметр шалгарсан. Одоо Монголд 15 мянган такси явж байна. Гэтэл тэр болгон Солонгос, Хятадад vйлдвэрлэсэн таксиметр Монголын нөхцөлд тохирдоггvй. Vvнээс монгол инженерvvд тодорхой хэмжээгээр юм хийж байна гэдэг нь харагдах байх.
-Германд инженер бэлтгэх тал дээр хэр анхаардаг юм бэ. Чи юу ажиглав?
-Хамгийн гол нь хангамж маш сайн. Судалгаа хийх, бvтээх нөхцөл нь бvрэн хангагдсан. Ер нь барууны орнууд, Америк, Японд технологи маш өндөр хөгжсөн учраас судалгааны орчин зэргийг нь бvрдvvлэхэд их анхаардаг. Тvvнээс герман, монгол инженерийн төвшин бол яг л адилхан.
-Чиний бодлоор бидэнд хөгжилд хvрэхэд дутагдаж буй гол зvйл юу вэ. Зарим хvн хурд гэдэг, зарим нь тактик гэдэг?
-Манайд нийгмийг урагш нь чирч явах сэхээтэнлэг элит давхарга алга. Ийм зvтгvvр хамгийн чухал гэж би боддог. Гэхдээ элит гэдэг бидний одоогийн ойлгож байгаа элит биш шvv. Би л энэ нийгмийг авч явна гэсэн сэтгэхvйгээр багаасаа бэлтгэгдсэн, ухамсар нь зөвхөн тvvндээ л зориулагдсан хvмvvсийг элитvvд гэж ойлгож болно. Тvvнээс дөрвөн жилээр сонгогддог УИХ-ын гишvvдийг элит гэж ойлгож болохгvй. Элитvvдийг одооноос л бэлтгэх хэрэгтэй. Лидер бол өөр хэрэг, лидерvvд өөрсдөө төрдөг.
-Эх оронч vзлийн талаар юу гэж боддог вэ. Магадгvй, хvний нутагт ажиллаад, сураад, хөгжлийг нь өөрийнхтэйгөө харьцуулаад эхлэхээр эх орноо илvv хайрладаг байж болох юм?
-Тийм ээ. Гадаадад сурч буй залуус Монголоо яаж хөгжvvлэх вэ гэж илvv их бодож байна шvv дээ. Хvнийг эх оронч vзэлтэй болгохын тулд заавал “чи эх оронч байх ёстой” гэж шаардах албагvй. Хvнд эх оронч сэтгэлгээг суулгах, багаас нь төлөвшvvлэх ёстой.
-Тэд маань Монголдоо ирэх болов уу, эх орноо хөгжvvлэхэд хувь нэмрээ оруулах болов уу. Чи юу гэж бодож байна?
-Танхимнэтийн нэг зорилго энэ л дээ. Гадаадад байгаа монголчууд хөгжлийн тухай их ярьж бичдэг, саналаа солилцдог. Гэтэл vvнийг яаж холбох вэ. Ингээд Танхимнэт сvлжээг байгуулсны дараа Японд суралцагч оюутан залуусын ЭМОС клубтэй холбоо тогтоосон. өөр клуб, сvлжээ ч байгаа. Нэг vеэ бодвол тэд маань нэгдэж, ажиллаж эхэллээ. Жишээ нь, ЭМОС клубээс “өөрийгөө хэрхэн хөгжvvлэх вэ” гэдэг ном гаргасан. өөрийгөө хөгжvvлж байж улс орноо хөгжvvлнэ шvv дээ. Тэгэхээр энэ бол зөв эхлэл юм.
-Бидэнд хөгжлийг тушиж буй гол дутагдал юу байна вэ?
-Монгол хvн баг болж ажиллаж чаддаггvй. өөрөөр хэлбэл, нэг дvрмээр тоглож чаддаггvй. Энэ нь олон зvйлд саад болж байна. Хамтарч ажиллах чадвартай болох л юм бол бид юуг ч бvтээнэ. Тэгэхдээ бас их сонин. Маш хатуу гараар “барихаар” нэг баг болж чадаад байдаг. Эсвэл гадаадын компанид ажиллахаараа мундаг цаг бариад, хvнтэй хамтраад юуг л бол юуг хийгээд гялалзаад байдаг.
-Ирээдvйд Монголыг нуруун дээрээ авч явах элитvvдийг хэрхэн бэлтгэх ёстой вэ. Энэ талаар чиний бодлыг сонирхож байна?
-Японуудад самурайн ёс, Англид жентельменvvд гээд элит, лидерvvдийг бэлтгэдэг тусгай ёс жаяг байдаг л даа. Бид тэгвэл яагаад зөвхөн элит хvvхдvvд сурдаг сургуультай болж болохгvй гэж. Ингэлээ гээд бусдыг нь дорд vзэж буй хэрэг биш шvv дээ. Гол нь бvх талаар нь, бvх ухамсраар нь лидер, элит болгож бэлтгэх ёстой. Яагаад Чингис хаан лидер болж тодорсон юм бэ. Бид энэ бvхнийг судлах хэрэгтэй байна.
-Гэтэл массын ухамсарт нөлөөлнө гэж том юм байна шvv дээ?
-Тийм ээ, энэ бол системтэй, маш удаан хугацааны ажил. Одоо манай нийгмийг эмэгтэйчvvд авч явж байна гэхэд болно. Эхнэрээрээ тэжээлгэдэг, архи уугаад ажилгvй хэвтэж байдаг ухамсар дорой эрчvvд маш олон байна. Ухамсар төлөвшvvлэх ажлыг одоо л хийхгvй бол оройтно. Чухам яах ёстой вэ гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл маш чухал vvрэгтэй, оройлж оролцох ёстой байх.
-Монголдоо буцаж ирээд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Их сургуульдаа багшилна. Монголын vйлдвэрлэлийн автоматжуулалтад өөрийнхөө хувь нэмрийг оруулахын төлөө ажиллана даа. Монгол орон маань илvv хурдан хөгжөөсэй, залуучууд маань vvнд гар, бие оролцоосой гэж хvсч байна.
Мэдээллийг бичсэн: Г.Тvмэнжаргал

No comments: