Thursday, December 6, 2007

Bogdyn

Өнөөгийн аль ч улс оронд ихэд олзуурхан тэмдэглэдэг баяр нь тусгаар тогтнолын өдөр билээ. Одоо дэлхий дээр оршин буй ихэнх улс гүрэн гадны колони, протектрат, эзэмшилд байсан түүхтэй учир эх орон нь дахин тусгаар тогтносон өдрийг ихэд бэлэгшээн тэмдэглэдэг юм. Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан юм. Социализмын үед энэ ойг үл ойшоохоор барахгүй бараг л феодлын баяр шахам юм ярьдаг байв. Харин саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ өдрийг албан ёсны баяр болгохоор шийдсэн нь юутай сайн. 2011 онд Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Монгол улсын 800 жилийн ойг өргөнөөр тэмдэглэсний нэгэн адил хэдэн жилийн дараа энэ тэмдэглэлт ойд ач холбогдол өгвөл ядахнаа л биднийг басамжлагчдад томхон цохилт болох учиртай юмсан.

Тулгар төрийн ойгоо эртний уламжлалт төртэй улс орнууд сүр дуулиантай тэмдэглэдэг. Сталинийг амьд байх үед Орос улсын 1000 жилийн ойг тэмдэглэж байлаа. Ираны шах Пахлави Персийн 2500 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан. Славяны ууган гүрэн болох Болгар тулгар төрийнхөө 1300 жилийн ойг ч сайхан тэмдэглэсэн. Тун эртний асуудал болохоор огноог яг олно гэж байхгүй, гэхдээ он нь барагцаагаар олддог бололтой.

Хятадууд 1912 оны Цинхайн хувьсгалын дараа эртний домгийн хаан Хуандийн төрийн 4609 жилийн ойг тэмдэглэсэн удаатай. Гэвч энэ бол барагцаалсан домог болохоос зуу зуун жилээр алдсан ч байж болох талтай дэндүү эртний улбаа ажгуу. Улс гүрнүүд өөрийн түүхээ улам урагшлуулж тоолох хандлага сүүлийн үед их ажиглагдах боллоо. Хэрэв солонгосчуудын саяхнаас ярих болсонд үнэмших юм бол тэдний тулгар төрийн түүх бараг л 4 мянган жилийн намтартай бололтой.

Эх сурвалжид дурьдсанаар нүүдэлчдийн анхны тулгар төр Хүннү улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Ингэхээр энэ он бол манай тулгар төр үүссэний 2216 жилийн ой болж таарлаа. Ингэхээр 2011 онд тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолын 100 жилийн ойг давхардуулан ёслол төгөлдөр тэмдэглэж болж байна. Бид эртний түүхт ард түмэн. Энэ бол бидний нэгэн бахархал. Зүй ёсны бахархал бол эрүүл үзэгдэл. Харин Чингис хаан ажил олгогч, цалин тавигч юм шигээр өөрийнхөө өвөө гэж мэтгэн хөдөлмөр хийлгүй амьдрах гэж улайрах нь аль хэр оновчтой юм бол.

Наадам тэмдэглэдэг болоод магадгүй хэдэн мянган жил болсон байх. Зуны дэлгэр цагт болдог үндэсний наадам харин цагаасаа хамаараад янз бүр нэртэй байлаа. Нууц товчоо-нд ч наадам болсон тухай бичсэн нь бий. 1640 онд Занабазарыг анхдугаар Богдоор тодруулахад түүнд Даншиг өргөн наадам зохиожээ. Дан шүг гэдэг нь бат орших гэсэн утгатай төвд үг. Даншиг өргүүлж буй цаад эзнээ мөнх наслахыг ерөөж буй шашны ёслол. Ингээд даншигийн наадам гэдгийг бараг жил болгон зохиох болсон байна. Харин 1722 онд Богд болон Хэнтий уулыг тахиж наадам хийх болсноо Арван засгийн наадам гэх болжээ.

Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж хаант улс болсон тул 1912 оноос Даншиг наадам хийхээ больжээ. Арван засгийн наадмыг Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамбыг нас барах хүртэл тэмдэглэдэг болсон аж. Наадмыг 7-р сарын 11-нд Ардын засгийн наадам нэрээр тэмдэглэж байх тухай Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан аж. Тавиад оны үеэс энэ нь аяндаа Ардын хувьсгалын ойн наадам нэртэй болон өөрчлөгджээ. 1996 онд наадмыг Монгол улс байгуулагдсаны ой гэж тэмдэглэж байхаар тогтсон боловч хойтон жилээс нь Ерөнхийлөгчийн тушаалаар хүчингүй болсон байна.

No comments: