Thursday, January 24, 2008

НАЙЗ МИНЬ УТГА ТӨГӨЛДӨР УЧИР ТӨГС АМЬДАРЧ ЧАДЛАА



Зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн
гашуудлын ёслол дээр Н.Багабандийн хэлсэн үг

Цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав. Тэнгэр нурж, газар цөмрөх мэт аюулын аянга гэнэт бууж, аймшигт хагацал биднийг цаг бусаар дайрлаа. Яасан ч хэцүү хорвоо вэ? Гадаа хүйтэн байна. Аргагүй шүү дээ. Ес эхлэх гэж байгаа юм чинь. Гэхдээ бид даараагүй. Найз чинийхээ, бидний төлөө зориулж хураан хуримтлуулж үлдээсэн сэтгэлийн халуун илчээр дулаацаж, чамайгаа хайрлах, харуусан шимшрэх гүн гунигт бодолдоо дүрэлзэн шатаж зогсоно. Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам боловч найз минь даанч эрт явлаа даа.

Бурхан тэнгэр чамд минь хосгүй авьяас чадвар, эгнэшгүй эрч хүч, эр хүний төгс бүхнийг хангалттай хайрласан боловч нас сүүдрийг хэтэрхий харам заяасан нь юутай их харуусал. Бурхны дутаасныг нөхөж болдоггүй болохоор энэрэлгүй хатуу хорвоогийн энэ хатуу үнэнтэй эвлэрэхгүй гээд хаачих ч билээ. Чи минь найз нөхдөдөө төрөлх Алтайн уулс шигээ нөмөр нөөлөгтэй, Шаргын говь шигээ бүлээн дулаан түшигтэй эрхэм нөхөр минь байлаа. За гэвэл ёогүй эрс шулуун, эрэмгий гүдэс, чин шударга чиний занг найз нөхөд нь хүндэтгэн дагадаг байсан юм. Авьяас билэгтэнд түгээмэл байдаг аагирхуу омголон мөртлөө хүнлэг нинжин чанар, хүдэр бадриун биетэй мөртлөө хүүхэд шиг инээсэн дөлгөөхөн төрх чамайг мэдэх хүн бүрийн ой тойнд хоногшин үлджээ. Аливаа нэг ажлыг барьж авбал ард нь гарч санаа амардаг ажилсаг бүтээлч зан чинь бусдад сайн сайхан, өөдрөг бүхний үлгэр дууриал болдог байлаа.

Найз минь энэхэн насандаа ёстой л эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэж, хийхээ хэнээс ч дутахгүй хийж, хэлэхээ хэнээс ч эмээхгүй хэлж, утга төгөлдөр, учир төгс амьдарч чадлаа. Билэг танхай авьяас, бичгийн их чадвараар чинь бахархдаг байлаа бид. Сийрэг талбиу ухаан, сэнтий өндөр боловсрол, удирдан зохион байгуулах өргөн чадвар, гоо сайхны үлэмж торгон мэдрэмж, он цагаас түрүүлсэн бүтээлч сэтгэлгээ нэгэн биед хуран цогцолсон нь гайхалтай бөгөөд бахдам.

Нийгэмд бугшсан бурууг тасын нүдээр олж харж, нийтийг түгшээсэн шударга бусыг үнэний хурц илдээр цавчин, гэгээн гэрэлт ирээдүйг дөтлөн ойртуулахын төлөөх сэтгүүл зүйн тогоруун цувааны түүчээ нь болж, даль жигүүрээ хүчтэй нь аргагүй дэвэн, өндрөөс өндөрт омог бардам нисэж явсан. Монгол Улсын өнөө цагийн мянга мянган сэтгүүлчдийн “ас” нь Цэрэндоржийн Балдорж байсан гэдэгтэй маргаж мэтгэлцэх хүн үгүй биз ээ. Хэвлэл мэдээллийн байгууллагыг зах зээлийн горимоор, чөлөөт ардчилсан зарчмаар шударгаар өрсөлдөн оршин тогтнох атрын шанг ган үзгээрээ татаж, хуучин цагийн нурман дээр шинэ цагийн сэтгүүл зүйг цогцлоосон гавьяатны нэг яах аргагүй чи мөн.

Нийгмийг бузарласан идээ бээрийг шахан, элдэв явдлын эрээн барааны донжийг нүдэнд бууж, чихэнд сонсогдон, сэтгэлд хоногштол бичиж туурвисан тайз, дэлгэц, нийтлэлийн олон чамбай бүтээлийг Монгол түмнийхээ оюуны далайд нэмэрлэн, хэзээ ч нурж унахгүй хөшөө дурсгалаа сүндэрлүүлэн үлдээсэн. Монголын соёлд өөрийн гэсэн орон зайтайгаар товойн тодорсон жинхэнэ гавьяатны нэг, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гарцаагүй мөн билээ, найз минь.
Монгол төрийн түшээ байж, шинэ ардчилсан Үндсэн хуулийг гар өргөн батлалцсан гавьяат үйлс тань он цаг алслан холдох тусам тодрон гэрэлтэх болно.

Найз минь чи тоймгүй олон нөхөдтэй байжээ. Уй гашуу, уйтгар гунигаа илэрхийлэх олны хөл хэний ч шахалт, шаардлагагүйгээр тэр нэгэн харамсалт өдрөөс хойш тасарсангүй ээ. Чамайг минь сайн хүн, зөв хүн, авьяас билэгтэн, алдар цуутан гэдгийг түмэн олон чинь хэлүүлэлтгүй мэддэг, хүндэтгэдэг, хайрладаг байжээ. Сайн нэр хамгийн үнэт баялаг. Сайн нэрийг үлдээж чадсанаар чинь, сайн мөрийг үлдээж орхисноор чинь бид бахархаж байна. Яасан аугаа их бахархал вэ.

Бүтээн буй болгосон бүхнийг чинь үзэг нэгт, үйлс нэгт нөхөд чинь үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэж найдаж байна. Хайрт хань, үр хүүхэд, ач, зээ нар чинь чиний нэгэн адил бидний хамгийн ойр дотно хүмүүс байсаар байх болно. Чи хүүхдүүдээ ухаантай, боловсролтой, хүмүүжилтэй, хэрсүү өсгөсөн сайн эцэг. Тэд чиний ариун нэр төрийг өндөрт өргөн, үйлсийг чинь нэр төртэй залгана гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улс нэгэн ухаантнаараа дутлаа, нэгэн эрэмгий хөвгүүнээрээ дутлаа, нэгэн эх орончоороо дутлаа, бид найз чамаараа дутлаа. Юутай их гашуун харуусал гэгч вэ? Найз чамтайгаа утсаар ярьж инээлдэхгүй, уулзан ярьж хөхрөлдөхгүй, сайхан дурсамжийнхаа шарласан хуудсыг хамтдаа эргүүлэхгүй гэж бодохоор өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Тэнэг, мангараараа дуудуулаад ч болсон барааг чинь харж, сүрд чинь дарагдан, алсаас ч болов бараадан явах хүсэлтэй үзэг нэгт нөхдөө орхин одлоо доо чи минь.

Чиний хамгаас дотно хүмүүс алтан шарилын тань өмнө толгой гудайн, уй гашуудаа дүүрэн автан, уйлан хайлан зогсож байна. Найз минь бид бүхнийхээ сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэгээн оюун, авьяас билэг, цуцашгүй хөдөлмөрөөрөө бүтээсэн мөнхийн бүтээлээрээ ард түмнийхээ ой ухаанд чи мөнх оршиж үлдэнэ.
Амь шигээ хайрлан, хамгаалж, тэмцэж ирсэн эх нутгийнхаа алтан хөрсөнд амгалан нойрс доо найз минь.



МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ӨЛГИЙДӨН АВСАН АЧ БУЯН ТАНЬ АЛТАН ҮСГЭЭР БИЧИГДЭНЭ


-“Монгол ньюс” компанийг төлөөлж Д.Заяабатын хэлсэн үг-
Бурхны орон эрхлэгч шиг минь сэтгүүлчээр дутаа юм байлгүй дээ. Авьяас билиг, ухаан чадлаар халгиж цалгиж явсан эрхлэгчийг минь хийж бүтээх нас жигдэрч байх цагт нь аваад явчихлаа. Үр хүүхэд, хань ижил, ах дүү, хамт олондоо Алтай шигээ нөмөртэй, Шаргын говь шиг дулаахан нэгэн байжээ, Та минь. Амнаас тань гарсан үг бүхэн хамт олон бидэнд төдийгүй ард түмэнд ухаарал, сэрэхүй болж байсныг өнөөдөр илүү тод мэдэрч байна аа бид. Сэтгэхүйн жавар тачигнаж байсан тэр жилүүдэд Таны бичсэн нийтлэл өнөөгийн нийгэмд дулаарал авчирсан нь Таны минь үнэлж баршгүй гавьяа билээ. “Хүн хүндээ тусалж яв, тийм нэг агшин бусдын амьдралд сайн сайхны эргэлт болдог юм шүү” гэж Таны захиж хэлсэн үг өнөөгийн нийгэм, залуучууд бидэнд уриа болон цууриатах нь лавтай. Амьдрахын, хүн байхын утга учрыг бидэнд дэндүү сайн ойлгуулсан билээ.

Үгүйлж байна аа хамт олон тань таныгаа. Хальтирахад минь түшиж, хазайхад минь тулсан түшиг байсан билээ, Та. Монголын сэтгүүл зүйг дэлхийн жишигт хүргэж, намаг балчгаас татан гаргаж, улс төр, бизнесээс ангид байлгах, гагцхүү үнэний төлөө гэсэн Таныхаа үйлсийг хамт олон бид үргэлжлүүлэх болно гэдгээ Таны алтан шарилын өмнө андгайлъя.

“Ардын эрх”-ээс улбаалан “Өнөөдөр” сонинд өвлүүлсэн сэтгүүл зүйн школ нь Монголын хэвлэлийн түүхэнд шинэ зам болсон юм. Одоо энэхүү Балдоржийн хэмээх сэтгүүл зүйн школоор шинэ үеийн сэтгүүлчид төлөвшиж, өдөр тутмын сонинууд замнаж байна. Монголын анхны өдөр тутмын өнгөт хэвлэлийг эрхлэгч маань төрүүлсэн. Дэлхийн сэтгүүл зүйн түвшинг эх нутагтаа идээшүүлэх нь Балдорж эрхлэгчийн маань гэгээн мөрөөдөл байлаа. Тэрхүү гэгээн мөрөөдлийн цагаан замд “Өнөөдөр” сонин болон “Таван цагариг”, “UB Post”, “Ням гариг” сонинуудаа баттай алхуулж чадсан юм.

Сонгодог гэрэл зургийн хэв маягийг эрхлэгч маань өдөр тутмын хэвлэлд төлөвшүүлсэн гавьяатай. Телевизийн түүхэнд реалити шоу хөтөлбөр анх бий болгож, САС Pictures-ийнхэн хэмээх авьяаслаг хамт олныг бүрдүүлсэн билээ. Хэвлэл мэдээллийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсныг тань энэ цөөн үгэндээ тоочивч үл барна. Мэдээллийн тэнцвэрт байдлыг эрхэмлэн, энэхүү ноён нуруу, хөдлөшгүй чигч байр сууриараа Монголын сэтгүүл зүйд олон жилийн турш алтан гадас нь болон чигийг зааж явлаа, Та.

Мэргэжлийн сэтгүүл зүйг Монгол нутагт өлгийдөн авсан ач буян тань хэвлэлийн түүхнээ алтан үсгээр бичигджээ. Хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” групп нь өдөр тутмын сонины сонгодог хэв маяг, төрөлжсөн хэвлэлийн жишээ, үлгэр дууриал болж явна. Эрхлэгч Таныхаа эхлүүлсэн ажлыг нэр төртэй залгамжлахаа, гэгээн мөрөөдлийн тань оргилд хүртэл шамдан тэмцэхээ хамт олон тань андгайлж байна.

Их ажлынхаа хажуугаар хамт олон биднийхээ амьдралд хамгийн их тус дэм болж явлаа, Та. Таны халамж түшиг дор 200 илүү хүнтэй халуун дотно хамт олон бүрдэж, “Монгол ньюс”-ээр овоглон, компанийнхаа нэрийг бахархалтайгаар авч явна. Бидний үр хүүхэд, ах дүүсийн зүрх ч бас Таны төлөө цохилж явна. Хэлсэн үг бүрийг тань гэрээслэл болгон дагаж явахаа эрхэм таны гэр бүл, үр хүүхдийн өмнө андгайлъя.



No comments: